У.Хүрэлсүх: Нүүрс хулгайлж зарж байгаа хулгайч нар явах ёстой газар руугаа явах ёстой
4 сарын 15, 2018

2017 оны эцсийн дүнгээр Монгол Улс 33 сая тонн нүүрс экспортод гаргаад байна.Үүний 50 орчим хувийг буюу 17 сая тонныг Гашуунсухайт боомтоор гаргасан. 17 сая тонны мөн 50 орчим хувийг Эрдэнэс Таван Толгой компани (ЭТТ) олборлож экспортод гаргажээ.

ЭТТ-н гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг уурхайн ирээдүйн талаар ярихдаа “ЭТТ-ын 20 хувийг олон улсын хөрөнгийн биржид арилжаалж нэг тэрбум доллар босгох боломжтой” гэв. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцох боломжтой болсноо мэдэгдлээ. ЭТТ-н хувьд өнгөрсөн жил 438.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 243 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 
www.mpa.mn

 

 
www.mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭТТ ажиллах үеэрээ “Улаанбаатарт очоод асуудлыг УИХ-д өргөн барина. УИХ-д өргөн барихаасаа өмнө сайд нар маань ТТ-н үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Монгол Улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тиймээс ч бид удахгүй энэ асуудлыг шийднэ” гэж байлаа.

Мөн өчигдөр Гашуунсухайт боомт дээр болсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан талаар мэдээлсэн юм. Энэ талаар Ерөнхий сайд Сангийн сайдыг хууль цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийнх нь гараар орж ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой. Зарим нь ч явж байгаа” гэв.

Мөн тэрбээр нүүрс тээврийн жолооч нарт хүн ёсоор санаа тавьж ЭТТ компани болон нутгийн удирдлага жолооч нарт зориулсан халуун ус, цайны газрыг яаралтай байгуулж зохион байгуулахыг даалгав. “21-р зуунд хүн хоёр сар усанд орохгүй байгааг та нар бодоод хамгийн гол орлогыг чинь олж ирж байгаа жолооч нарын асуудлыг яаралтай шийд. Үүнийг сэтгэл гаргаад шийдээд өгчихөөч” гэж Эрдэнэс Монгол, Эрдэнэс Таван Толгой, Таван толгой компаниудад даалгав.