Гэрэлт гудамжны нээлт өнөөдөр болно
5 сарын 11, 2018

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно.

Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөх бол "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг "Мөнгөлөг хүн", битбокс болон гудамжны бүжиг сонирхогч залуус үзүүлбэрээ толилуулна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх "LOVE" хөшөөг өнөөдөр Гэрэлт гудамжинд байршуулсан. Орчин үеийн чиг хандлага, шинэлэг шийдэл загвараар бүтээгдсэн байна. "LOVE" бичиглэлтэй, зүрхэн хэлбэртэй, төмөр хийцтэй, хайрын цоож зүүх чимэглэлийн хөшөө нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

Монголын анхны автомашингүй шөнийн Гэрэлт гудамжинд олон сонирхолтой арга хэмжээнүүд, урлаг соёлын үзвэрийг сонирхож амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг худалдан авах боломжтой.

Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.