Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог ба Дэлхий-Сар-Нарны системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг, үзэгдэх орбитийн үе) харагддаг байна.
Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор АНУ, ОХУ, Канадын нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн гадарга дээрх татах хүчний 17% байдаг ажээ.
Сар дээр хүмүүс анх 1969 онд "Апполо 11" газардсан бөгөөд одоогоор хүмүүсийн очсон ганц одон орны биет юм.
Хэлбэр
Сарны хэлбэр нь хараахан бөмбөрцөг биш бөгөөд туйлын радиус нь экваторынхаас 500 метрээр богино байдаг байна. Өөрөөр хэлбэл төвөөс өмнөд туйл хүрэх зай нь умард туйл хүрэх зайнаас бага.
Дотоод бүтэц
Чулуулаг нь дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр байдаг. Титан, циркони болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг.
Саран дээрх чулуулгын нас 4,6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо ажээ. Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг ажээ.
Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо ба царцдасны зузаан нь 55 км, манти нь 1000 км, түүнээс цааших гүнд цөм нь оршдог аж.
Гадарга
20-р зуун гэхэд сарны дэлхий рүү харсан гадарга нь далайн ёроолын рельефээс илүү сайн судлагдсан юм. Сарны рельефийн гол хэлбэр нь өрх тогоо бөгөөд дэлхий рүү харсан тал нь хүрмэн лаваар хучигдсан өргөн талууд, уул нурууд ихтэй байдаг байна. Өрх хэлбэрийн рельефийн хамгийн том нь 250 км диаметртэй байхад зарим нь хэдэн арван см-с хэтрэхгүй. Эдгээрийн ихэнх нь нарны аймгийн түүхийн эхэн үед их байсан солирын бөмбөгдөлтөөс болж үүссэн гэж үздэг. Харин дэлхийн гадаргад ийм өрх тогоо харьцангуй бага байдаг нь агаар мандлаар хамгаалагдсан байдгийн ач юм. Сарныхаас ялгаатай нь солирууд дэлхийн агаар мандалд орж ирээд ихэнх нь шатаж дуусдаг байна.
Саран дээрх хамгийн өндөр уул нь 8 км өндөр байдаг нь Эверестийн оргилоос ялимгүй бага юм.
Шуурган тэнгис гэх зэргээр нэрлэгдсэн бараан харагдах хэсгүүд нь өргөн тэгш талууд юм.
Сар нь тэнхлэгээ удаан эргэх ба агаар мандал байхгүй учраас өдрийн талдаа 110 хэм, шөнө талдаа -180 хэм хүртэл хүйтэн байна. Харин 1 м-ийн гүнд температурын хэлбэлзэлгүй болдог.
Агаар мандал
Хийн бүрхэвчинд нь инерт хий, аргон, гели, неон голлох ба үндсэндээ агааргүй вакуум л гэсэн үг. Иймд саран дээр дууны долгион дамжихгүй.
Үүсэл
Сар яаж үүссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдаж, дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэжээ.
Орбит
Сар нь дэлхийг тойрч эргэх явцдаа аль нэг тал нь дэлхий рүү харж байдаг бөгөөд тэр хэсэг нь нарны гэрэлд ойж гэрэлтэн харагддаг. Гэвч дэлхий, нар, сар гурвын харилцан байрлал өөрчлөгдөж байдгийн улмаас сар бидэнд янз бүрээр харагддаг байна. Сарны тэнхлэгээ эргэх хугацаа нь дэлхийг тойрох хугацаатай бараг тэнцүү учир дэлхий рүү зөвхөн нэг талаараа л харна.
Дэлхийгээс гэрэл 1.255 секунд туулах зайд оршдог, манай дэлхийд хамгийн ойр тэнгэрийн эрхэс юм.
Дэлхийгээс алслагдсан зай нь дунджаар 384,400 км боловч дэлхийг тойрох явцдаа 21 мянган км-р холдож ойртдог байна.