Өчигдөр орой /2020.02.05/ Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд “Boeing 737” онгоц газардах үеэрээ сүйрчээ. Онгоцонд 179 хүн байсан бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр гурван хүн нас барсан гэжээ. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожугийн мэдэгдсэнээр 157 хүн гэмтэж бэртсэн байна. 179 зорчигчийн 20 гаруй нь гаднын орны иргэд байжээ.
“Pegasus” агаарын тээврийн компанийн онгоц Измирээс Истанбул руу нисэж ирсэн байжээ. Онгоц маш хүчтэй газардаж, хөөрөх-буух зурвасыг давж гаран дундуураа хуваагдаад дараа нь шатсан байна. Удалгүй гал сөнөөгчид ирж галыг түргэн шуурхай унтраажээ.
"Boeing 737" онгоц осолдох үед аадар бороо орж байсан гэнэ. Ослын дараа Истанбулын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг хойшлуулаад байна.