Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийжээ. Тэрбээр "Засгийн газар коронавирустэй холбоотой асуудлаар хурал бүр дээрээ онцгойлон ярьж байгаа. Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох л боломжтой. Энэ бол шийдэл биш.
Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байна.
Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас хойш үргэлжилж байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна. Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулиараа Засгийн газарт ийм эрх байхгүй" гэсэн байна.