Олон улсын олимпийн хорооноос эмэгтэй тамирчдын тоо нэмэгдүүлэх зорилгоор ихээхэн чармайж, “Токио-2020” олимпод бүсгүйчүүдийн тоог 48,8 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн олимпийн нээлтийн ёслолд тугчнаар улс бүрээс эмэгтэй, эрэгтэй хоёр тамирчинг оролцуулах шийдвэрийг өчигдөр гаргалаа.
Өмнөх олимпийн наадмуудад цор ганц тамирчин улсынхаа тугийг залж орж ирж байсан уламжлал ийнхүү Токиод солигдохоор болж байна. Үүний тулд эмэгтэй тамирчин нь эрх авч амжаагүй зарим улсад эмэгтэй тамирчны эрх олгохоор ч шийдвэрлэв. “Токио-2020” олимпод каноэ, жүдо, сэлүүрт завь, далбаат завь, буудлага, хүндийг өргөлтийн төрөлд эмэгтэй, эрэгтэй тамирчдын тоо яг тэнцүү байх юм. Улмаар “Парис-2024” олимпод бүх спортын төрлүүдэд хүйсийн харьцааг тэнцүүлэхээр яригдаж байна.