Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг баривчилжээ
3 сарын 6, 2020

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.02-06-ны өдрүүдэд нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 351-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -5
  • Мөргөлдөх-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.05-ны өдрийн 19 цаг 49 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгджээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 15,9 хувиар, бүртгэгдсн зам тээврийн осол 10,2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75,0 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 11,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.