Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн гаргасан энэхүү уриалгыг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ийн хамт олон хүнсний болон ариутгал цэвэрлэгээний зориулалтын спирт, ажилчдынхаа нэг өдрийн цалингаа хандивласныг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.
Мөн Батлан хамгаалах яамны алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан батламжийг салбарын сайд Н.Энхболд гардуулан өгсөн юм.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг “АОДЭ Экьюпмент” ХХК мөн хандивын аянд нэгдлээ. Тус компани ажилчдынхаа нэг өдрийн цалин болон 2000 ширхэг амны хаалтыг хандивласан юм.
Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжин, хүч нэмэн хандив өргөж байгаа компанийн удирдлага болон ажилчдад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд “Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг, хамтын хүч, үр дүнд өнөөдрийг хүртэл манай улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй байна. Гэвч цаг ямагт анхаарал сэрэмжээ сулруулахгүй энэ эрчээрээ хамтран зүтгэе” хэмээн онцлон хэлсэн.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган, шаардлагатай хувцас хэрэглэлд хандивыг зарцуулахаа Монгол Улсын Шадар сайд энэ үеэр онцолсон юм