АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлжээ
3 сарын 9, 2020

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч байна.

Иймд дээрх хэлбэрээр нийтийн албанд өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт гуравдугаар сарын 5-ны өдрийн 01/2634 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих ач холбогдолтой аж.