Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд хэрэгжүүлсэн захирамжийн хүрээнд НМХГ-аас хийж гүйцэтгэсэн хяналт, шалгалтын ажлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай "Дээрх хугацаанд НМХГ-аас 380 улсын байцаагч гүйцэтгэлийн ажлын хяналт, шалгалт хийсэн бөгөөд шалгалтын явцад нэлээд зөрчил гарсан. Гэхдээ Налайх, Багахангай, Багануур дүүргүүд зөрчил гаргаагүй.
Зөрчил гаргасан ААН-үүдийг дүүргээр нь ангилбал:
- Сонгинохайрхан дүүрэгт 7
- Баянгол дүүрэгт 11
- Чингэлтэй дүүрэгт 2
- Хан-Уул дүүрэгт 4
- Баянзүрх дүүрэгт 7
- Сүхбаатар дүүрэгт 1
Зөрчил гаргасан ААН, иргэнийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзэхэд гар утасны лангууны үйл ажиллагаа эрхэлдэг, авто засвар ажиллуулдаг, түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг газрууд зонхилж байлаа.
Зөрчлийн тухай хуулийн дагуу 28 ААН-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн газар дээр нь нэг иргэн 150 мянган төгрөг, дөрвөн хуулийн этгээдэд нэг сая 650 мянган төгрөгийн торгууль ногдуулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхэллээ.
Мөн ресторан, нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана" гэлээ.