Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл5: "COVID-19 нь одоогоор дэлхийн 201 орон, бүс нутагт бүртгэгдсэн. Сүүлд Ангела хэмээх нэг арал дээр бүртгэгджээ.
Олон улсын эрдэмтэн, судлаачид коронавирусийн хоёр дахь давалгаанд идэр залуу насныхан зонхилон өртөж байгааг онцолж байна.
Сүүлийн үед БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирэх нь нэмэгдсэн тул гаднаас авах нислэгүүдээ өнөөдрөөс цуцалсан. Түүнчлэн Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн судлаачид цэвэрлэх байгууламжаас коронавирус илрүүллээ" гэв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 26-нд дэлхий дахинд COVID-19-ийн 465,915 тохиолдол, 21,031 нас баралт мэдээлэгдсэн. Одоогоор хагас сая хүн халдвар аваад байна. Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хоёр сар гаруй хугацаанд 100,000 тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн хоёр хоногт 100 мянган тохиолдол бүртгэгдлээ.
Тохиолдол хавьтал бүрийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын сонголт биш харин үүрэг гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал онцолсон. Коронавирус нь агаар дусал болон ахуйн хавьтлаар дамжиж байна. Тиймээс гараа сайн угаах, хүний гар хүрэлцдэг гадаргууг арчиж цэвэрлэх нь вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга гэж үзэж байна" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцоос коронавирус илрээгүй.
Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 71 хүнээс коронавирус илрээгүй.
Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна.
Үүргийн онцгоор ирсэн хүмүүсийг үндсэндээ хянаад дуусах гэж байна. Тусгаарлалтын үед хяналт тандалтыг нарийн зохион байгуулалттайгаар хийж байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 208 хүн байна.
Гуравдугаар сарын 26-нд зургаан хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна.
Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм" гэсэн мэдээллийг өглөө.