Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
3 сарын 30, 2020

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 331 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 230 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь хохирчээ.

Тодруулбал, энэ сарын 28-ны 18.21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Төмөр замын 477 дугаар километрийн гуравдугаар зуутад ачааны галт тэргэнд 40 настай эрэгтэй дайруулж амиа алдсан байна. Мөн тухайн өдрийн 23.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Тээлийн гол” гэх газар засмал замд "Hyundai Porter" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 51 настай зорчигч эрэгтэйн амь хохирчээ. Түүнчлэн энэ сарын 29-ний 19.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянхошууны замд "Daewoo" загварын автобус 36 настай зорчигчийг мөргөж амийг нь хохироосон зэрэг осол хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

Согтуугаар жолоо барьсан үедээ осолд холбогдсон гурван зөрчлийг замын цагдаа нар бүртгэжээ.

Өнгөрсөн амралтын өдөр бүртгэсэн осол хэргийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад, дуудлага 9.6 хувь, хүний амь хохирсон осол 33,4 хувиар нэмэгдсэн байна. Нийт осол 8.6 хувь, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар багасчээ.

Нийт замын хөдөлгөөнд оролцогчдод орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн явган зорчигчдод хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг сануулав.