2020 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон иргэний явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарсан талаархи 7 мэдээлэл НМХГ-ын шуурхай албаны 70128012 утсанд ирсэн бөгөөд уг ослуудад 17 хүн өртжээ. Үүнээс барилгын салбарт 4 осол гарч 10 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 9 хүн гэмтсэн, хөнгөн, хүнсний салбарт 1 хурц хордлого гарч 5 хүн өртсөн, бусад салбарт 2 осол гарч 2 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 1 хүн гэмтсэн байна. Үүний 85,7 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, 1 буюу 14,3 хувь нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудалтай холбоотой мэдээлэл байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн 3 жилд нийт 84 ослын газарт шуурхай дуудлагаар ажилласаны 34 буюу 40,7 хувь нь барилгын, 1 буюу 1,2 хувь нь эрчим хүчний, 11 буюу 13,0 хувь нь уул уурхайн, 10 буюу 11,9 хувь нь хөнгөн хүнсний, 2 буюу 2,4 хувь нь зам тээврийн, буюу 1,2 хувь нь худалдаа үйлчилгээний, 9 буюу 10,7 хувь нь бусад салбаруудад гарсан байна.
Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлахад унах, бүдрэх, хальтрах шалтгаанаар буюу цахилгаан шатны нүх, галын гадна шатны нүхээр унасан, дүүжин өргүүрээс унасан, ажлын талбай буюу дээвэр доош цөмөрч унасан осол 4 буюу 57 хувийг, хортой бодисын нөлөөнд өртөх шалтгаанаар буюу хязгаарлагдмал орчинд хамгаалах хэрэгсэлгүй ажилласны улмаас химийн бодисын нөлөөнд өртөж хордсон 1 буюу 14,3 хувийг, эд зүйлд хавчуулагдах шалтгаанаар буюу тоног төхөөрөмжийг унтраалгүйгүйгээр засвар хийх явцдаа гараа гэмтээсэн осол 1 буюу 14,3 хувийг, цахилгаан гүйдэлд цохиулах шалтгаанаар буюу өндөр хүчдэлийн шугамтай хэт ойрхон, хязгаарлалтын шугамыг зөрчиж ажиллах үедээ цахилгаан гүйдэлд цохиулсан осол 1 буюу 14,3 хувийг эзэлж байна.
Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлийг судлахад:
- Удирдлагын тогтолцооноос хамаарсан осол 28,5 хувьтай байна. Тухайлбал, осол гаргасан барилгын ерөнхий гүйцэтгэгч компани нь хамтын хамгаалах хэрэгслийг хангалтгүй хийсэн буюу цахилгаан шат суурилагдах нүхний түр хаалтыг стандартын шаардлагад нийцүүлэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүйн улмаас туслан гүйцэтгэгч компаний ажилтан осолд өртсөн, өлөн боловсруулах үйлдвэрийн удирдлагууд хязгаарлагдмал орчинд буюу 3 метр өндөр чаналгын тогоонд цэвэрлэгээ үйлчилгээ хийхээр орсон ажилчдад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгоогүй, аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулаагүй байна.
- Техник, технологоос хамаарсан осол 43 хувийг хамарч байна. Тухайлбал, металл хийц бүхий хучилт дээр бетон цутгалтын ажил хийж байх үед хучилтын гол хэсгээр нэлэнхүйдээ цөмөрч барилгын туслан гүйцэтгэгч компаний 4 ажилтан гэмтсэн осол нь металл хийцийн чанар, зургийн тооцоолол зэрэг хүчин зүйлээс хамаарсан осол байна. Мөн хувь иргэд барилга барихдаа барилгын бригад хөлсөлдөг, барилгын явцад техникийн хяналтыг хийдэггүй зэрэг зөрчлийн улмаас консол нь унаж, дүүжин өргүүр дээр ажиллаж байсан бригадын 4 ажилтныг гэмтээсэн осол гарсан.
- Хувь хүний хүчин зүйлээс хамаарсан осол 28,5 хувьтай байна. Ажил үүргээ гүйцэтгэхдээ ажил олгогчоос өгсөн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглээгүйн улмаас өндрөөс унах, тоног төхөөрөмжийг цахилгаан эх үүсгэврээс салгаж унтраалгүйгээр засвар үйлчилгээ хийсний улмаас бэртэж гэмтсэн тохиолдол хамаарч байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 1 дүгээр улиралд НМХГ-ын veb-сайтад 24 , хэлтсийн page хуудсаар 24 удаа зөвлөмж сэрэмжлүүлэг бэлтгэн байршуулж, олон нийтэд сурталчлан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх 10 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг боловсруулан гаргаж 1354 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн.
Шуурхай мэдээллийн дагуу НМХГ-ын ХНХХХ-ийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, нийт 28 зөрчил илрүүлэн, 2 аж ахуйн нэгж байгууллагад 4500,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, 30528,0 төгрөгийн нөхөн төлбөрийг олгуулж, 2 хуулийн этгээдэд хамаарах хэргийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 8 заалттай 2 албан даалгавар хүргүүлэн, биелэлтэнд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн осол гаргасан 5 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хэрэг харьяалагдах дүүргийн Цагдаагийн байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.