УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Ундармаа, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж болон холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцлоо. 2018.05.08
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг соёрхон батлуулахаар тогтов. Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. 2018.05.08
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаад хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй уг саналыг хэлэлцэхгүй байх горимын саналыг Байнгын хорооны гишүүд дэмжив. Дараа нь Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. 2018.05.08
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал Лийна Рикил Таманг тэргүүтэй төлөөлөгчид болон Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нарыг хүлээн авч уулзав. 2018.05.08
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахаратай уулзав. Азийн парламентчид 2018 оны 6-р сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн хүн амын хөгжлийн асуудлаар хуралдах бөгөөд энэхүү өндөр хэмжээний хурлын зохион байгуулалт, бэлтгэлийг хангах талаар талууд санал солилцов. 2018.05.09
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгов. Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга, хэлтэс, нэгжийн дарга нар, холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо. Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. 2018.05.09
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Үргэлжлүүлэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Дараа нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг мөн дэмжлээ. 2018.05.09
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болов. 2018.05.09
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дах суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа. 2018.05.09
УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт нар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхийг газар дээр нь очиж танилцахаар “Буянт-Ухаа II” хороололд ажиллав. 2018.05.09
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив. 2018.05.09
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив. Үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаар танилцуулав. 2018.05.09
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг өөрчилж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгох агуулга бүхий тогтоолын төслийг батлав. Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Хуралдаанаар үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр нь батлав. Мөн хуралдааны төгсгөлд Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав. 2018.05.10
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томилов. 2018.05.11
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 2018.05.11
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дахьсуурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав. Талууд, төсвийг алдагдалтай баталдаг, төсвийн алдагдал буурахгүй байгаа талаар болон хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой бусад асуудлаар ярилцаж, харилцан санал солилцлоо. 2018.05.11
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төсөл нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна. 2018.05.11
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2005 онд батлан 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуульд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 2018.05.11
Улсын Их Хурлын 2018 оны ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Мөн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 2018.05.11
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурорын орлогч, эрхэмсэг ноён Халил Адигүзэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Турк улсын Хууль зүйн яам, шүүх, прокурорын байгууллага, хууль зүйн академийн холбогдох албаны хүмүүс байсан бол Монгол Улсаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах албаныхан байлцлаа. 2018.05.11
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгууллаа. Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогч бүхий тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар удирдан явуулав. 2018.05.12
Энэ жилийн хаврын мод тарилт “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. 2018.05.12 http://www.parliament.mn/n/aieo
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс