Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.02/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн эмнэлэгт гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдаад байна.
Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна.
Дараагийн нислэгээр ирэх иргэдээс 74 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангалаа" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр оношлуур хүрэлцээтэй байгаа, тусгай үүргийн онгоцоор оношлуур хүлээж авна.
Хурдавчилсан гурван төрлийн оношлуур ирсэн. Эдгээрээс аль нь сайн гэдгийг судалж байна гэдгийг хэллээ.