COVID-19-ийн эсрэг хязгаарлалтыг ЦУЦЛАХ БОЛООГҮЙГ ДЭМБ-аас бүх оронд анхаарууллаа
4 сарын 8, 2020

Дэлхийн улс орнууд шинэ коронавирусийн халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Түүнчлэн тэрбээр ДЭМБ-аас өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ улс орон бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч халдварын тархалтыг хумих зорилгоор авсан хязгаарлалтын арга хэмжээг цуцлах цаг болоогүй, хэрвээ эрт цуцалбал халдварын дэгдэлт эргэн сэргэнэ гэдгийг бүх улс оронд анхааруулсан гэдгийг уламжлав.

Түүний танилцуулсан мэдээллийг багцлан хүргэж байна.

Европ

  • COVID-19-ийн улмаас Франц улсад нас барсан хүний тоо 10 мянгыг давсан байна. Үүнээс 7,091 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 3,237 нь өндөр настны асрамжийн газарт нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Одоогийн байдлаар 7,131 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
  • Испани улсад өчигдөр 743 нас барсан.
  • Турк улсад халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Мягмар гарагт 3,892 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 34,000 гарсан тухай Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.
  • Чехийн парламентаас онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-г дуустал сунгах шийдвэр гаргасан.
  • Финландын Засгийн газраас хилийн хяналт, зорчих хөдөлгөөнтэй холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээг тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгалаа.

Америк

АНУ-ын халдварын төв болоод байгаа Нью Йорк мужид 731 хүн нас барж, нийт тохиолдлын тоо 139,000 давсан. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1,731 нас баралт бүртгэгдлээ.Калифорни муж улсаас Нью Йорк болон бусад мужид түр хэрэглүүлэхээр амьсгалын аппаратыг илгээж байгаа талаар мэдээлсэн.

Ази

Ухань хотод 76 хоногийн турш мөрдүүлсэн хатуу чанд хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс цуцалж байна. Ингэснээр галт тэрэг, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг сэргээсэн. Хотын доторх зорчих хөдөлгөөнийг сэргээж байгаа нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бусад арга хэмжээг цуцална гэсэн үг биш бөгөөд улам эрчимжүүлэх шаардлагатайг хотын засаг захиргаанаас мэдэгдлээ.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ЗӨСҮТ өнгөрсөн хугацаанд 105 удаагийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 11,000 хүнд үйлчиллээ. 49 онгоц, 50 вагон, 15 чингэлэг, 148 автомашин, 27 тусгаарлах өрөө, 19 ажиглалтын байр, 86 тонн ачаа тээшинд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.

Сүүлийн долоо хоногт тусгай үүргийн онгоцоор ирсэн 512 зорчигч, нисэх багийнхан тэдний ачаа тээш, онгоц, автобусанд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Өчигдөр Хонг Конгоос ирсэн ачааны онгоцонд халдваргүйжүүлэлт хийсэн.

Нөгөө талаар бид вирусийн тархвар зүй, улс орнуудад гарч буй халдварын нөхцөл байдал, ДЭМБ-ын зөвлөмжүүдийг судалж, иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Иргэд маань ЗӨСҮТ-ийн вэб сайт, фэйсбүүк хуудаст хандаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Түрүүн хэлсэнчлэн Ази, Номхон далайн баруун эргийн орнуудад халдварын хоёр дахь давалгаа гарах магадлал өндөр байгааг ДЭМБ-аас байнга сануулж байна.

Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаатай холбоотойгоор иргэд тайвширч амны хаалт зүүхгүй байх, гадуур сэлгүүцэх, хүүхдүүд тусгай дугаарын утсанд залгаж тоглох гэх мэт асуудлууд гарч байна. Бид нэг улсад л халдвар гарсан байх үеэс оновчтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд хүн амын дунд халдвар гараагүй байна. Тиймээс халдварын хоёр дахь давалгаа гарч болзошгүй байгаа энэ үед анхаарлаа сулруулж болохгүй. Энэ нь нуувчинд дуулга, хантаазтай байж байгаад гарч ирээд түүнийгээ тайлаад буудуулж байгаатай адил үйлдэл гэдгийг иргэддээ онцгойлон хэлмээр байна" гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: олон улсад халдварын тархалт ямар хэмжээнд байгааг танилцуулав.

Тэрбээр "Дэлхийн дахинд COVID-19-өөр 1,282,931 хүн өвчилж, 72,774 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол АНУ-д 8 дахин, Испанид 5 дахин өссөн бол Итали, Францад 3 дахин нэмэгдсэн. Нас баралтын хувь Франц улсад хамгийн өндөр байна. Тус улсад нас баралтын хувь 11 байгаа.

Дөрөвдүгээр сарын 6-нд БНХАУ-д нас баралт бүртгэгдээгүй.

Манай бүсийн орнууд буюу БНСУ, Бруней, Камбожид бүртгэгдэж буй тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн байна. Харин Япон, Филиппин улсад нийслэл хотдоо их байна.

Дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд залуус сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран "Дэлхийг уншъя" нэртэй санаачилгыг эхлүүлсэн. Уг санаачилгын хүрээнд хүүхдүүдийн унших дуртай номын зохиолчид өөрсдийн номоосоо уншиж өгөх юм.

Эхний оролцогч нь 50 гаруй хэл дээр, 180 сая номоо борлуулсан зохиолч Элизабета Дами байсан бөгөөд инстаграм хуудсаараа дамжуулан номоо уншин, хүүхдүүдийн асуултад хариулсан" гэлээ.

COVID-19 өвчний үед хүмүүсийн эв нэгдэл, сэтгэл санааг дэмжих, аюулт өвчинтэй нүүр тулж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулж "Нэг дэлхий", "Гэртээ хамтдаа" санаачилгыг эхлүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 18-нд Лэди Гага тоглолтоо шууд дамжуулахаа зарласан гэдгийг тэрбээр мөн дурдлаа.


КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД:

  • Гараа 20 секундийн турш сайтар савандаж угаах, гараа угаах боломжгүй үед 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагчаар ариутгах
  • Бие биенээсээ багадаа 1-2 метрийн зайнаас харьцах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх гэх мэт дадал зуршлыг дагаж хэвшүүлнэ үү. Хэрэв ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламж дуудан эмнэлгийн тусламж аваарай.