Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын газрууд хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллана.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3900 орчим иргэдэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч буулгасан байна. Хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлснээр өнжмөл өвсний гал түймэр болон ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн энэ үеэс 32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.