УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэций гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс гурав гурваар нь нэр дэвшүүлдэг. УИХ-аас нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүний оронд УИХ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлээд байгаа юм. Түүнийг Цэцийн гишүүнээр томилохыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ. Мөн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Цэцийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан.
Ерөнхийлөгч Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Ардын их хурлын депутат асан Б.Буяндэлгэр нарыг Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлээд байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчийг хамтад нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр давхар ажиллаж байсан Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.