Хөх хотод эмчлэгдэж байсан булчин, гялтангийн идээт үрэвсэл, үжилтэй маш хүнд иргэнээ авсан
4 сарын 28, 2020

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой ээлжит мэдээллээ хүргэх үеэр тусгаарлалтад буй хүмүүсийн болон бусад асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар тусгаарлах байранд 750 иргэн ажиглалтад бий бөгөөд хамт 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

21 хоногийн хугацаа нь дууссан ч биеийн байдал нь хүнд нэг иргэн ар гэрийнхнийх нь хүсэлтээр Цэргийн төв эмнэлэгт үлдэж, эрчимт эмчилгээний тасагт гэрээр тусгаарлагдах 14 хоногийн тусгаарлалтаа үргэлжлүүлж байгаа билээ. Энэ иргэнд вируслогийн шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өчигдөр орой Замын-Үүдийн хилийн боомтоор БНХАУ-ын Хөх хотод эмчлэгдэж байсан булчин, гялтангийн идээт үрэвсэлтэй, үжилтэй маш хүнд иргэнээ хүлээж авсан. Тус иргэн нь хятадад 17 удаагийн жижиг мэс ажилбар хийлгэсэн ба биеийн байдал нь хүнд байгаа. Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, ажиглаж байна. Вируслогийн шинжилгээг нь ХӨСҮТ рүү илгээсэн ба нэгдүгээр төв эмнэлэг, ГССҮТ-ийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө аваад явж байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэлийн хэмжээнд 856 иргэн ажиглагдаж байгаа билээ. 126 өрхийн эрүүл мэндийн төв ажиглах, зөвлөгөө хийх ажлыг эдгээр хүмүүст хийж буйг мөн хэлье.

Бид эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд илрүүл, оношил, тусгаарла, эмчил гэсэн ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Мөн зорилтот болон эрсдэлт бүлгийн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийж байгаа.

Тусгай үүргийн онгоцыг хүлээж авахдаа нислэгийн багт ажиллах эмчийг томилсон бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд, тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангаж, тэнд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ томилж, дадлагажуулсан. Бид бүх үйл ажиллагаагаа төрийн бусад бүх байгууллагуудтай хамтарч хийж буй билээ.

Бид байнга дадлага сургуулилт хийж ирсэн бөгөөд урьдчилсан байдлаар тавдугаар сарын эхний долоо хоногт дахин сургуулилт хийх чиглэл гарсан. Гэхдээ цагийн нөхцөл байдал, даалгавар нь яаж ирэхийг мэдэхгүй. Хээрийн эмнэлгийг дэлгэж ажиллуулан, бэлтгэлийг хангасан. 30-50 орчим хүнийг тусгаарлан халамж үйлчилгээ үзүүлэх боломж бий гэж тооцоолсон" гэв.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хувьд 2019 оны сүүлийн байдлаар нийт 54,687 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа аж. Үүнээс,

  • Сувилагч,12,773
  • Эмч 11,788

Өөрөөр хэлбэл, 92.5 хувь нь эрүүл мэндийн салбарт, үлдсэн 7.5 хувь нь бусад салбарт ажиллаж буй хэрэг. Хэрэв цар тахал хүн амын дунд тархвал хэнийг хэн орлох зэрэг бүх томилгоог хийсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор дадлагажуулах сургалт, үнэлгээгээ хийгдэж байгаа. ДЭМБ-ын аргачлалаар тархварын холбогдох бүх тооцооллоо гурав дахь удаагаа хийсэн. Одоогийн байдлаар тасарсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй гэдгийг мөн тэрбээр нэмж хэлсэн юм.