Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн Вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд шинэ коронавирусийн халдваргүй гарсан.
- ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул болон нийслэлийн ажиглах байруудад тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
- Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.
Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн хүмүүст хоёр удаагийн давтан шинжилгээ хийсэн. Зарим тохиолдолд нь гурван удаагийн шинжилгээ хийлээ. Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ" гэв.