Шатахуун тээвэрлэж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин онхолджээ
10 сарын 16, 2020

  • Налайх дүүрэгт өчигдөр өглөө /2020.10.15/ автомашинууд мөргөлдсөн осол гарсан. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийхэд том оврын ачааны автомашин "Приус-30" болон "Тоёота харриер" загварын суудлын автомашин мөргөсөн болох нь тогтоогджээ. Золоор хүний амь нас эрсдээгүй байна. Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.
  • Сэлэнгэ аймагт шатахуун тээвэрлэж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож шатахуун асгарч байсныг аюулгүй болгожээ. Улаанбаатар хотоос Ерөө сумын чиглэлд 28 тонн шатахуун тээвэрлэж явсан иргэн М-ын автомашин замын хажуу руу унаж, шатахууны савны илүүдлийн хоолойны тагаар түлш асгарсан байна. Алба хаагчид асгарч байсан түлшийг зөөврийн саванд шилжүүлж, аюулгүй болгожээ. Осол өчигдөр өглөө 10:00 цагийн орчимд Цагаан тохой гэх газар болсон байна.
  • УИД-ийн өмнөх явган хүний гарцаар, ногоон гэрлэн дохиогоор зорчиж байсан иргэн М-г  “Toyota prius” маркийн автомашин хүчтэй мөргөж, гэмтээсэн хэрэг энэ сарын 14-ны өглөөний 10.30 цагт гарчээ. Хэргийн шалтгааныг тодруулбал, явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож зам тавьж өгнө гэж Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан байдаг. Гэтэл “Toyota prius” маркийн автомашины жолооч энэ дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан байна. Мөргөсөн автомашины өмнө явсан ногоон, цагаан хоёр өнгийн автомашиныг Тээврийн цагдаагийн алба олж тогтоосон бөгөөд одоо зөрчлийг шалгаж байна.