Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад худалдааны гол боомт болох Замын-Үүд боомтод ажиллаа.
Энэ хүрээнд Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил, боомтын ачаа тээврийн терминалын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн төлөөлөлтэй уулзав.
Уг шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр зорчигчдын болон бараа дамжин өнгөрөх хугацаа багасаж, худалдаа эрхлэгчдийн зардал багасах юм. Шинэчлэлийн төсөл 2021 оны 4 дүгээр улирал гэхэд бүрэн дуусаж үйл ажиллагаа эхлүүлэх хуваарьтай.
Ингэснээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдсэнээр Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ. Мөн дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллав. Тэрбээр чөлөөт бүсийн удирдлагатай уулзаж, гадаад худалдааг нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чөлөөт бүсийн үүрэг чухал хувь нэмэртэй болохыг тэмдэглэв.