УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай хүртээмжтэй болгож цахимжуулах зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг нарийвчлан тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа. Мөн иргэний хувийн мэдээллийг цахим иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх зэрэг зохицуулалт тусгасныг танилцууллаа.
Хуулийн төслийг баталснаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт нарийвчилсан зохицуулалтад орох, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах зэрэг олон давуу тал бий болно хэмээн үзэж байгаа аж. Энэхүү төслийг энэ оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч нарийвчлан боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, Засгийн газарт буцаасан байна. Тиймээс Засгийн газраас УИХ-ын гишүүдийн өгсөн санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн төслийг нарийвчлан боловсруулж, дахин өргөн мэдүүлснийг хууль санаачлагч мөн дурьдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Мөнх-Оргил гишүүн ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хуулийн хүрээнд ямар дэмжлэг үзүүлж байгааг тодруулав. Мөн тэрбээр, “Бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангийн 42 программын лицензийн хугацаа дууссан талаар хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” хэмээв.
Бүртгэлийн байгууллага иргэний, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг хийхдээ нотлох баримт буюу цаасан мэдээлэл болон цахим мэдээллийн санг бүрдүүлдэг аж. 2016-2017 онд эдгээр бүртгэлийн нэгдсэн сүлжээний программ хангамжид үнэлгээ хийж, 42 системийг нэгтгэх ажлын зохион байгуулалт хийсэн гэдгийг ажлын хэсгээс хариуллаа. Мөн энэхүү ажлыг бүрэн гүйцэлдүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатайг хэлсэн юм.
Мөн ХЗХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, “Ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг компани болон нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах заалт өнгөрсөн хугацаанд байгаагүй. Ашгийн төлөө бус байгууллагуудыг дэмжихэд татварын асуудал хамт яригддаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар ХЗДХЯ-наас судалгаа хийж байгаа” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжиж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болов. Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд “Гадаад паспортын сунгалтыг албан ёсоор зогсоохоос өмнө сунгалт хийлгэсэн зарим иргэдийг зарим орны хилээр нэвтрүүлэхгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ чиглэлээр гадны орнууд болон иргэдэд танилцуулга, мэдээлэл хүргэх нь чухал” гэдгийг дурьдаж байлаа.
Холбоотой мэдээ