АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хувийн тэтгэврийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт, АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барих гэж байна. Энэ бол 270 мянган хүнийг хамарсан асуудал юм” гэлээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Энэ бол ахмадуудад маш хэрэгтэй хуулийн төсөл юм. АН-ын бүлэг хуралдаад 100 хувийн саналаар өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Доод хэмжээ гэдэг нь 500 мянган төгрөгөөс дээш байхаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг санаачлах болсон зорилго ойлгомжтой. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр амжиргаанд хаанаа ч хүрэхгүй.
Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар өрхийн дундаж зардал 1.5 сая төгрөг гэсэн байгаа. Гэтэл хоёр ахмад нийлээд тэтгэврийн мөнгөөгөө амжиргааныхаа 1/3-ийг бүрдүүлж чадахгүй хэмжээнд байна.
441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277,527 нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Энэ бол ахмадуудыг ядууралд хүргэж байгаа хамгийн том шалтгаан. Хамгийн бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын дийлэнх нь социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож явсан, хувийн өмч, хадалмжгүй хүмүүс байдаг.
Энэ хууль нь үндсэн долоон хэсгээс бүрдэж байгаа.
АН-ын халамжийг эсэргүүцдэг. Гэхдээ энэ бол халамж биш. Тэдгээр өндөр настнууд улсаас гуйж байгаа зүйл биш юм. Залуу насандаа хөдөлмөрлөснийхөө үр шимийг хуулийн дагуу авах ёстой.
Энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудал анхаарал татах байх. Монгол Улс байгалийн үр өгөөжийг үндэсний баялгийн сандаа төвлөрүүлээд түүгээр дамжуулж тэгш, шударга хүртээнэ гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Тиймээс бид хамгийн боломжтой хэлбэрийг сонгосон.
Стратегийн ордуудыг маш хурдан эргэлтэд оруулах замаар эдийн засгийн тэлж, үр өгөөжийг нь дээшлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг оруулсан байгаа. Санхүүжилтийн эх үүсвэр дотор УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоол гэж гарсан. Энэ тогтоолд зургаан стратегийн ордыг эргэлтэд оруулах асуудлыг тусгасан. Үүний нэг болох Цагаан суваргын орд нь санхүүжилтийн гол эх үүсвэр болох юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, хамтарч ажиллах замаар эргэлтэд оруулна.
500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа 277,527 ахмадад жилд 400 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан" гэлээ.