Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам, тээврийн салбартай холбоотой дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хуралдаанд танилцуулсан байна. Үүнтэй холбогдуулан,
- Олон улс болон орон нутагт хуваарьт нислэг үйлддэг "МИАТ" ТӨХК, "Хүннү Эйр", "Аэро Монголиа" ХХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
- "Чингис хаан" олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлж, ажлаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх талаар судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа.
Олон улсын нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор "МИАТ" компанийн 1,370 нислэг цуцлагдсан бөгөөд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 75 удаа тусгай үүргийн нислэг хийгээд байна.
Хэдийгээр бусдад төлөх төлбөрөө эцсийн шат хүртэл нь хойшлуулж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа танаж, хүний нөөц, цалингийн зохицуулалт хийж байгаа ч байдал хэвээр үргэлжилбэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсээд байна гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.