Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ.
- Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэхдээ хуульд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан иргэнийг санал болгохыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд,
- Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт,
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн томилгоонд шууд болон шууд бус аливаа хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглосон Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй баримтлахыг улс төрийн бүх албан тушаалтнуудад тус тус зөвлөсөн байна.
Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчвөл тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсхүл огцруулах үндэслэл болдгийг онцгойлон анхааруулжээ.
Ингэсэнээр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хамаатан садан, ашиг сонирхол нэгтнээ төрийн албанд шахах, зүтгүүлэх, нөгөө талаас тохиолдлын хүмүүс төрийн албанд шургалах боломжгүй болж байна.