Д.Нямхүү: Ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн
11 сарын 2, 2020

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ Ерөнхий захирал Д.Нямхүү:

-Сүүлийн гурван хоногт нийт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүний сорьцод халдвар илэрлээ. Тухайлбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн  онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж тусгаарлагдсан  21-58 насны гурван хүн,  мөн тус боомтоор орж ирсэн  ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна. Эдгээр хүмүүсээс  28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол  найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол  гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү 349 боллоо.