УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр /202011.02/дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн багц төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн төслүүд, Үндэсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсчээ.
Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.
Мөн АН-ын бүлэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ " Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус компанийн данснаас төлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирал хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамаарахгүй гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хуралдуулж байгаа нь туйлын харамсалтай үйлдэл боллоо. Ийм ёс зүйгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлэх болно" гэв. 2012-2016 онд Шилэн дансны тухай хуулийг АН олонх байхдаа баталсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөн батлуулсан уг хуулиар Монгол Улсын төрийн болон улсын төсөвт аж ахуйн нэгжүүдийн таван сая төгрөгөөс дээш гүйлгээний мэдээллийг ил тавих үүрэгтэй болсон. Энэ мэдээллийг ямар ч иргэн харах боломжтой ч зарим төрийн байгуулллага мөрдөхгүй байгааг ч АН-ын онцолж байна.