Өнөөдөр Зулын 25-ны Их дүйчин өдөр
12 сарын 10, 2020

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Энэ өдөр үйлдсэн буян  хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.

Өнөөдөр сүм хийдүүд энэ өдөрт зориулсан их хурал айлдаж байгаа юм. Богд Ламын дүйчэн “Зулын 25”-ны өдөрт зориулж Монголын бурханы шашинтны төв (МБШТ) Гандантэгчэнлин хийд, МБШТ-ийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн Хурлын гишүүн Төв хийдүүд, дүйчэн зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан Богд ламын залбирал "Мэгзэм"-ийг бүтэн өдрийн турш дуу таслалгүй хурах ажээ.

Энэхүү буян номын арга хэмжээг 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны 07:30 цагаас 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний 08:00 цаг хүртэл "Бурхан багшийн Их дүйчэн өдөр" фэйсбүүкийн пэйж хуудсаар шууд дамжуулах юм байна.