ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ХӨСҮТ-ийн гурав, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 17,529 хүнд PCR шинжилгээ хийсэн. Уг шинжилгээнээс нэг хүнээс коронавирус илэрсэн нь ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээ юм.
Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 454: /2020.12.12-ны байдлаар/
- Улаанбаатар хотод 138
- Сэлэнгэ аймагт 208
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговьд 31
- Орхон аймагт 25
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3 тохиолдол бүртгэгдээд байна.
Улсын хэмжээнд голомтлон гарч байгаа нийт тохиолдол 454 байна.
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 906 боллоо. Үүнээс эдгэрсэн 384, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт нийт 513 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 430 хүн эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-ийн халдвартын клиникт хүнд хүн байхгүй. Хүндэвтэр 25, хөнгөн 137 нийт 162 хүн эмчлэгдэж байна.
Цэргийн төв эмнэлэгт 213 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд нэг иргэн байгаа бөгөөд 81 настай. Хүнд тав иргэн байгаа бөгөөд 50, 51, 78, 80, 86 настай иргэн байна. Хүндэвтэр 51, хөнгөн 156 хүн эмчлэгдэж байна.
ХУД-ийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 125 хүн эмчлэгдэж байгаа.