Аж ахуйн нэгжүүд түр болон тусгайлсан зааврыг мөрдөн ажиллахыг анхааруулж байна
12 сарын 13, 2020

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана.

Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07:00-22:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжид байгууллагууд хугацааны хязгаарлалтад нийцүүлэн цагийн хуваарийг өөрсдөө баталж мөрдүүлнэ хэмээн заасан. Энэ нь бүх аж ахуйн нэгж 07:00-22:00 цагийн хооронд ажиллана гэсэн үг биш юм. Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ гэж  ЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ.

Такси, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээний газруудад тусгай нөхцөл шаардаж, нийтлэг түр журмыг баталсан байна. Хязгаарлалтад ороогүй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх нийтлэг түр журмын зааврыг баримтлан ажиллахыг анхааруулж байна.

Ирэх даваа гарагт аж ахуйн нэгжүүд 07:00 цагаас үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ орчны 50 метр талбайг цэвэрлэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд харагдахуйц газар QR кодыг байрлуулах, аруитгал халдваргүйтэлийг хийсэн баримтыг дотоод хяналтын ажилтан хянасны дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой.