"Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас арванхоёрдугаар сарын 4-ний өдөр коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг жолоочоос коронавируст халдварын тохиолдол илэрсэн.
Үүнтэй холбоотойгоор Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Нэгдүгээр баазын автобуснууд түр зогсолт хийж, 48 ажилтан албан хаагчийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтанд хамруулан давтан шинжилгээ авч эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна.
Улсын Онцгой комисс, Нийслэлийн онцгой комисоос тус байгууллагын нийт 480 ажилтнаас PCR шинжилгээг гурван удаа давтан авахад хариу нь сөрөг гарсан юм. Тиймээс 1 дүгээр баазын автобуснууд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч нийслэлийн иргэддээ үйлчилж эхэлжээ. Автобусыг үйлчилгээнд гаргах бэлтгэл ажлын хүрээнд инженер техникийн ажилтан, жолооч, шалгагч, зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан Нэгдүгээр баазын 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутган, суудлын бүрээс, цонх, хаалга, хаалганы бариулыг бүрэн цэвэрлэн, хана, тааз шалыг сойзоор савандаж угаасан. Мөн жолоочийн кабинд тусгаарлалт хийж, амны хаалт, витамин өгч, зорчигчдыг эрсдлээс хамгаалах зорилгоор гар ариутгагч шингэн байршуулж, автобусны суудалд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ наан, хогийн савыг ариутгаж уут хийн, картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж наан техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргалаа.
Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчиддаа хандан уриалж ажиллаж байгаа юм.