21 нас хүрээгүй хүнд газ худалдахгүй байхыг анхааруулав
5 сарын 15, 2018

НМХГ, НЦГ-аас хамтран шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор 220 граммаар савлагдсан буюу ахуйн хэрэглээний жижиг газ, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж буй аж ахуй нэгж байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр 220 граммын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах, жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах төрөлжсөн тасаг, лангуу байрлуулах боломжтой зах худалдааны төвүүдээс бусад хүнс барааны дэлгүүр, супермаркетаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалахгүй байх, импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалах ёстойг анхааруулсан байна. Түүнчлэн монгол хэлээр бичигдсэн санамж бүхий хэлээр бичсэн хэрэглэх заавар бүхий шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахыг зөвлөв. Учир нь гадаад хэл дээр бичигдсэн заавар бүхий ахуйн жижиг газыг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг зөвшөөрдөггүй байна. Мөн 21 нас хүрээгүй иргэдэд шингэрүүлсэн шатдаг хий худалдахгүй байх, хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалах, аюулгүй ажиллагааны заавар хангасан зориулалтын дагуу тоноглогдсон ажлын байр, агуулахад санамжийн дагуу хадгалах зэргийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ.