Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгахаар болсон талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комисоос мэдээллээ. "Сэлэнгэ аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй гэж иргэд тайвширч болохгүйг онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа Сүхбаатар болон Алтанбулаг суманд хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байна.
Тухайн хоёр суманд тогтоосон хатуу хөл хорионы дэглэм буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар шийдсэн" хэмээн тус аймгийн засаг дарга Ш.Оргил мэдэгдлээ.
Мөн тэрбээр "Сэлэнгэ аймгийн лабораторид 198 хүн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Аймгийн хэмжээнд 10 ажиглалтын байранд 109 иргэн ажиглалт тандалтад тусгаарлагдаж буй. Алтанбулаг боомтын талбайд 20 ачааны автомашин байрлаж байгаагаас 11 нь импортын ачааны машин бол 9 ачааны машины жолооч нь тусгаарлагдсан байна" гэсэн мэдээлэл өглөө.