Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын нөхцөл байдалтай танилцлаа.
Тодруулбал, Баруун туруун, Өлзийт товчоо, 22-ын товчоодын бэлэн байдал, зорчих хөдөлгөөн, алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалтай танилцаж, тэдний саналыг сонссон юм. Энэ үеэр алба хаагчид хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд иргэд хязгаарлалтын дэглэмийг мөрдөж байгааг онцоллоо. Шадар сайд шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, мал эмнэлгийн алба хаагчдын ажиллах нөхцөл байдалтай мөн танилцаж, холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өгөв.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн юм. Ингэснээр Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч, хариугаа авсны дараа явна.
Хэрэв халдвар гарсан аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, тухайн орон нутагт PCR шинжилгээ авах төхөөрөмж байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөн нэвтэрч байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.