Өнөөдрөөс эхлэн ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээл цахимаар явагдана
12 сарын 28, 2020

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын хүрээлэн, www.aplus.mn хамтран үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахад бэлэн болжээ.

Цахим хичээл өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 28-аас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй явагдах бөгөөд нийслэл, 21 аймгийн нийт 602 багш хичээлийг удирдана.
Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Мөн энэхүү цахим хичээлд суух эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц дүн зэрэгт нөлөөлөхгүй юм.

Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн 602 багш сайн дурын үндсэн дээр сурагчдын хүсэл сонирхолд тулгуурлан давтлага хичээлийг удирдахаар бэлтгэлээ хангасан байна. Сурагчид та бүхэн идэвхтэй оролцож мэдлэг, чадвараа баталгаажуулахыг БШУЯ-наас уриаллаа.