Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Баянхошуу амбулатори өчигдөр ашиглалтад орлоо. Энэхүү эмнэлэг нь анх 1989 онд 35 ортой ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өнөөдөр 150 ортойгоор Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн иргэдэд үйлчлэхээр үүд хаалгаа нээж байна.
Өргөтгөлийн ажил хийгдэхээс өмнө тус эмнэлэгт 1,500 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол шинэ байр ашиглалтад орсноор 6,000 хүн хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэж, эмнэлэгт хэвтэхийн тулд хүлээдэг байдал 2-3 дахин буурах юм.
Мөн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглан иргэдэд чанарын өндөр түвшинд түргэн шуурхай эмнэлгийн тусламжийг үзүүлэх боломж нээгдэж байна.
Энэхүү эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн 120 мянга гаруй иргэдэд үйлчлэх юм. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, мэс засал, нүд, шүд, чих хамар хоолой, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээ, өсвөр үеийн дархлаажуулалт зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон ЭХО, ЭКГ, Рентген, Клиник, Биохимийн лабораторийн шинжилгээ үйлчилгээг тус хорооны иргэд дэргэдээсээ авах боломжтой болжээ.