Лхагва гарагт АНУ-ын конгрессийн хоёр танхимын гишүүд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг эцэслэн батлахаар нийслэл Вашингтон дахь Капитолын ордонд хуралдаж эхэлсэн юм. Сонгуулийн ялалтыг нь баталгаажуулсны дараа Жо Байден нэгдүгээр сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох ёстой.
Уг чуулганыг эхлэхээс өмнө ерөнхийлөгч Дональд Трамп хийсэн мэдэгдэлдээ “хэзээ ч бууж өгөхгүй”-гээ илэрхийлж, өөрийн дэмжигчдэд хандан “одоо бол хүлцэнгүй байх цаг биш” гэж хэлжээ.
Трампын мэдэгдлийн дараа түүнийг дэмжигчид чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран орсон байна. Энэ үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Цагдаа нар мөн конгрессийн гишүүдийг ордноос нүүлгэн шилжүүлсэн юм. Сүүлд хүч нэмэгдүүлж, Үндэсний Гвардын цэргүүд Капитолын ордонд ирснээр жагсагчдыг хөөн гаргаж, дэг журам тогтоосон байна. Мөргөлдөөний үеэр жагсагчдын талаас нэг эмэгтэй шархдаж, сүүлд амьсгал хураасныг эх сурвалжууд мэдээлжээ. Үймээн самууны дараа нийслэл Вашингтон хотод оройн 06:00 цагаас эхлэн Пүрэв гарагийн өглөө хүртэл хөл хорио тогтоосон байна.
Капитолын ордон чөлөөлөгдсөний дараа АНУ-ын конгресс үргэлжлүүлэн хуралдаж, Жо Байдены ялалтыг батлах асуудлыг эцэслэн шийдэхээр болжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндсэн хуулийг хамгаалахыг ерөнхийлөгч Дональд Трампд уриалсан байна.
“Капитолын ордонд болсон явдал нь тэмцэл биш, үймээн самуун юм. Ардчилалд аюул тулгарлаа” гэж Байден энэ үеэр мэдэгджээ. Байдены мэдэгдлийн дараа Дональд Трамп дэмжигчдэдээ хандан видео мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлдээ тэр “Та бүгдийн уур хилэнг би ойлгож байна. Яагаад ингэснийг бүгд мэдэж байгаа. Ялангуяа нөгөө талынхан. Гэхдээ одоо та нар гэртээ харих хэрэгтэй. Бидэнд энх тайван, хууль дүрэм хэрэгтэй. Энэ сонгууль луйвартай болсон ч бид эдгээр хүмүүсийн арганд орж болохгүй” гэжээ.
Капитолын ордонд болсон хэрэг явдлын дараа дэлхийн улс орнуудын удирдагчид харамслаа илэрхийлцгээсээр байна.
Тухайлбал Их Британи, Франц, Герман, Канад, Испани, Европын Холбооны удирдагчид болсон явдалд санаа зовж байгаагаа мэдэгдээд АНУ-д эрх мэдэл шилжүүлэх үйл явц тайван замаар хэрэгжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг болсон үйл явдалд цочирдон гайхснаа илэрхийлээд АНУ-ын ардчилсан сонгуулийн үр дүнг бүгд хүндэтгэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Венесуэлийн гадаад хэргийн сайд Хорге Арреаза “Вашингтон хотод хүчирхийлэл гарсанд Венесуэль улс гүнээ харамсаж байна. Америкийн ард түмэн тогтвортой байдал, шударга ёсыг тогтоох гарцыг олж чадна гэдэгт найдаж байна” гэж твиттер хуудсандаа бичжээ. Дэлхийн улс орнуудаас гадна АНУ-ын бизнесийн томоохон төлөөлөгчид болсон явдлыг шүүмжилж, эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг тайван замаар хэрэгжүүлэхийг уриалжээ.