Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2020” наадмын бүртгэл өнөөдөр (2021.01.11) эхэллээ. Тус наадам нь энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдах юм. Энэхүү наадмыг анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан түүхтэй.
Ууган наадмын яруу найргийн том хэмжээний бүтээлд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Нямсүрэн нар тус тус түрүүлж, “Алтан өд”-ийн эзэн болж байв.
Зохиолчид яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат, уран зохиолын бүтээл гэсэн төрлүүдээр оюуны бүтээлүүдээ уралдуулах боломжтой юм. Шалгаруулалтад дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэл МЗЭ-ийн хорооны байранд хүлээн авах ажээ.