ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэлд гараад буй коронавируст халдварын үргэлжилсэн голомтуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улаанбаатар хотод хэд, хэдэн кластер халдвар гарсан. Гэхдээ БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс өмнөх голомтуудыг бид хяналтдаа авсан буюу голомтын хариу арга хэмжээ нь үр дүнтэй болсон буюу тус эмнэлгийн халдвар хяналтад орсон.
БЗД-ийн эмнэлэг өөрөө том учраас олон ажилтантай, маш олон хүн үйлчлүүлдэг. Тиймээс ч уг голомттой холбоотойгоор өнөөдөр нийтдээ 329 тохиолдол батлагдаад байна. Өөрөөр хэлбэл, БЗД-ийн хамааралтай голомт хяналтад орсон бөгөөд одоогоор ганц, нэг гэр бүлээс хамааралтай буюу ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн 2, 3 дахь давтан шинжилгээнээс нь коронавирус илэрч байна" хэмээн хэллээ.
"Ачтан" эмнэлэг, "Тэнүүн огоо", "Мөнххада" компани болон орцны голомтод халдвар үргэлжилж байна
Үргэлжлүүлэн "Түүнчлэн ХСҮТ-тэй холбоотой голомтод нийт 17 хүн халдварт өртсөн. Уг голомтоос гэр бүлийн болон үргэлжилсэн хавьтлуудаас сүүлийн долоо хоногт халдвар гараагүй. Энэ нь хяналтад орж байна гэсэн үг.
Хамгийн сүүлд гарсан нэлээд том голомт нь "Ачтан" эмнэлэгтэй холбоотой байна. Уг голомтод өнөөдрийн байдлаар 47 тохиолдол батлагдаад байна. "Ачтан" эмнэлэгтэй холбоотой халдварын голомт эмнэлэгт биш гэхэд цааш гэр бүлийн голомтууд нь үргэлжилж байна.
Мөн "Мөнххада" компанитай холбоотойгоор 25 хүн халдвар аваад байгаа бол "Тэнүүн огоо" автобус баазтай холбоотой 18 тохиолдол бүртгэгдсэн.
Харин Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны дөрвөн орон сууцыг тойрсон халдвараас 20 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор Баянгол дүүргийн орцны халдвар, Мөнххада, Тэнүүн огоо компанитай холбоотой голомт үргэлжилж байна.
Бид хүн амын дунд халдвар байгааг тандах зорилгоор нийслэлийн дүүргүүдэд нийт 30 орчим цэг байгуулж шинжилгээ авч байгаа. Тэр шинжилгээнүүдээс халдвар илрээгүй. Гэхдээ цар тахлын вирус хэзээ ч хэнийг ч өвчлүүлэхэд бэлэн тул хүн бүр өөрийгөө хамгаалах нь чухал. Учир нь нийслэлд маш том голомтууд бүртгэгдсэн бөгөөд одоогоор 2,000 гаруй хоёр дахь хавьтлууд бий.
Мөн голомт бүхий газруудад ажилладаг хүмүүс нийслэлийн 6 дүүрэг, цаашлаад Багануур, Налайх дүүрэгт ажиллаж, амьдарч буй учраас тэр хүмүүсээс дамжсан ил далд хэлбэрийн халдвар авах эрсдэл маш өндөр гэдгийг санах хэрэгтэй" гэдгийг анхаарууллаа.