Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан хэллээ.
Тэрбээр "Хязгаарлалтын дэглэм тогтоосон энэ үед нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулах тохиолдол гарч байна. Тухайлбал, өчигдөр л гэхэд БГД-т жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл 25 орчим иргэн төрийн ордны орчимд жагсаал цуглаан зохион байгуулсан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилсэн үед жагсаал болон олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Тиймээс иргэд цаашид ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцож буй. Өнгөрсөн хугацаанд 55 иргэнийг 28.9 сая төгрөгөөр торгосон бол зургаан иргэнийг шүүхээр баривчилсан.
Иймд хязгаарлалтын дэглэм тогтоогоод буй зарим бүсэд иргэд Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж, мэргэжлийн байгууллага болон алба хаагчдаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, иргэний үүргээ ухамсарлан хамтран ажиллахыг уриалж байна.
Хязгаарлалт тогтоосон бүсээс гадагшаа зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг холбогдох зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ” гэлээ.