УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар төв талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа билээ. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас УИХ-ын гишүүнд хүргүүлсэн байна.
Учир нь Улсын Их Хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.