Д.ТРАМПЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
6 сарын 14, 2018

Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаснаараа АНУ-ын төрийн тэргүүнийг энэхүү шагналыг хүртэх эрхтэй гэж тус намын гишүүд үзэж байгаа аж.
 
“Одоо болж буй үйл явдал түүхэн ач холбогдолтой. Дэлхийд энх тайван ирээдүйг бий болгох үйл явц эхэлсэн. Одоохондоо энэ үйл явц тун тогтворгүй байгаа хэдий ч сайн үр дүнд хүргэхийн тулд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бид байр сууриа тодорхой илэрхийлж, Д.Трампт энх тайвны шагнал олгосноор ийм үр дүнд хүрнэ гэж үзэж байна” гэж тус санаачлагыг гаргасан хүмүүсийн нэг Норвегийн Хууль зүйн яамны сайд асан Пер-Вилли Амунсен хэлжээ.
 
Энэ сарын 12-нд Сингапурт АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт болсон билээ. Уулзалтын дүнд Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч уг баримт бичиг нь тодорхой, нарийн ширийн зүйлийг агуулаагүй юм.