Ан Сан Сү Чи тэргүүтэй Мьянмарын эрх баригч намын удирдлагуудыг өнгөрсөн шөнө тус улсын зэвсэгт хүчнийхэн баривчилсан тухай өнөөдөр өглөө мэдээлжээ. Баривчилгааны тухай өнөөдөр өглөө мэдээлсэн эрх баригч Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын хэвлэлийн төлөөлөгч Мио Нюун бодлогогүй алхам хийлгүй, хүлээцтэй байхыг ард иргэддээ уриалжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуулиар Аун Сан Сү Чигийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Харин тус улсын зэвсэгт хүчнийхний оролцоотой сөрөг хүчин сонгуулийг маргаан будилаантай болсон гэж үзэж байгаа.
Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхэн сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон тохиолдол байгааг илчилж, мөрдөн шалгахыг эрх баригчдаас шаардаж байв. Хэрвээ сонгуулийн маргааныг шийдэхгүй бол цэргийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй гэж Мьянмарын армийн хамгийн нөлөө бүхий генерал Мин Аун Хлайн мэдэгдэж байжээ.