Монголын хараагүй массажистуудын холбооны төлөөлөлтэй уулзлаа
2 сарын 1, 2021
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын хараагүй массажистуудын холбооны төлөөлөлтэй уулзлаа
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт Монголын хараагүй массажистуудын холбооны төлөөллийг оролцуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Монголын хараагүйчүүдийн холбоо нь Бэст массаж сүлжээг байгуулсан бөгөөд улсын хэмжээнд бариа заслын үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй байгууллага, 300 гаруй бариа засалчид үйл ажиллагаа явуулдаг.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтнууд, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Хараагүй массажистуудын холбооны ерөнхийлөгч Э.Батхишиг, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн захирал Б.Ганзориг, эмчилгээний бариа заслын багш Б.Энхмандах нар оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн баталж, хэрэгжүүлнэ.
- АХБ-ны зээлээр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
- Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /ESCAP/-той хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зарим шинэ төрлийн үйлчилгээг турших, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг сургах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийг боловсруулж батлуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.