Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад баяртай байна гэв.
Тэрээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий манай хоёр улсын хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна гэв. Ялангуяа КОВИД-19 халдвартай тэмцэх явцад харилцан туслалцаа дэмжлэг үзүүлж, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллаж байгаагийн үр дүнд манай хоёр улсад харилцан зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлов.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2020 оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд хандаж Хятад Улс КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг бүтээж дэлхий нийтийн хүртээл болгож хамтран ажиллана гэж мэдэгдсэнийг Элчин сайд дурьдаж, дээрх мэдэгдэл бодит ажил хэрэг болж тус улс КОВАКС хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан талаар танилцуулав. Үүний зэрэгцээ БНХАУ өөрийн улсад үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 улсад тусламжийн хэлбэрээр нийлүүлэх бөгөөд Монгол Улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсуудын жагсаалтад байгаа болохыг мэдээллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд БНХАУ-ын Засгийн газраас нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр таван удаа олгож, харилцан мэдлэг туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн явдалд Эрүүл мэндийн сайдын хувиар гүн талархлаа илэрхийллээ.
Тэрбээр Монгол Улсын нийслэлийн хэмжээнд багц халдварын голомтууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар товч танилцуулж, цаашид хоёр улсад харилцан халдвар зөөвөрлөгдөөгүй байгаа амжилтыг хадгалахын төлөө хичээж ажиллахын сацуу цартахлын нөхцөл байдал намжиж, халдварыг хяналтдаа авсан цагт хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бусад олон чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.