Шахмал түлшний барьцалдуулагчид гурил ашиглаж байгаа нь туршилтаар хийж буй ажил гэв
2 сарын 15, 2021

“Тавантолгой түлш” ХК барьцалдуулагчид гурил хольж, шахмал түлш үйлдвэрлэдэг гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  “Манай улсын ихэнх компани барьцалдуулагчаа БНХАУ-аас авдаг. “Тавантолгой түлш” ХК болон бусад компани дотооддоо барьцалдуулагч үйлдвэрлэхээр янз бүрийн туршилт хийж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн бүтээгдэхүүнээс сар болгон сорьц авч, шинжилгээ хийдэг. Ингэхэд зөрчилтэй зүйл илрээгүй” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшид хяналт шалгалт хийсэн талаар өмнө нь мэдээлж байсан. 

Шалгалтаар "Шахмал түлш нь техникийн ерөнхий шаардлагыг хангасан, барьцалдуулагч нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс агуулагдаагүй, мидлинг буюу баяжуулсан нүүрс нь MNS:6226 2011 стандартын шаардлага хангаж байна" гэсэн хариуг танилцуулж байв.

ТУРШИЛТЫГ ГУРАВДУГААР ҮЙЛДВЭРИЙН ШУГАМ ДЭЭР ХИЙЖ БАЙГАА

Харин “Тавантолгой түлш” ХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан "Энэ бол туршилтын журмаар хийгдэж байгаа ажил. Түүнээс үйлдвэрт нэвтэрсэн зүйл биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тодорхой хугацаанд туршилтыг ганцхан гуравдугаар үйлдвэрийн шугам дээр хийж байгаа. 

БНХАУ-аас барьцалдуулагч импортоор худалдан авахад жил бүр 12 тэрбум төгрөг зарцуулдаг бол дотооддоо өөрсдөө бэлтгэвэл 30-40 хувь хямдаар нийлүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг өгөв.