А.Амбасэлмаа: "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс 24, бусад тохиолдлын ойрын хавьтлууд, нийт 55 хүнээс COVID-19 илэрлээ
2 сарын 22, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 36,903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн.

  • Үүнээс 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. 50 нь анхны тохиолдлууд бол 52 нь ойрын хавьтлууд байна. 
  • Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 1,852 боллоо. Улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтуудад нийт 2,178 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн.

Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,693 бүртгэгдсэнээс 1,933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн" гэлээ. Одоогоор 745 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 2,
  • хүнд 6,
  • хүндэвтэр 80,
  • хөнгөн 635  хүн байгаа аж.