Засгийн газар Боловсрол шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн ирэх гуравдугаар сарын 1-ээс орон нутагт танхимын сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргаад байна. Танхимын сургалтыг эхлүүлснээр аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд хичээллэх тооцоо байна.
Орон нутагт танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд эмч, багш, удирдах ажилтнууд цахим сургалтад хамрагдаж буй. Сургалтад аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн 4,436 эмч, удирдах ажилтан оролцож байгаа юм. Цахим сургалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэх, сургалтын орчныг эрсдэлгүй болгоход зайлшгүй авах арга хэмжээ, хийгдэх ажлуудыг тодорхойлох заавар, зөвлөмж, арга зүйг өгч байгаа аж. Орон нутгийн цэцэрлэг, сургуулийн удирдлага, ажилтнуудад зориулсан цахим сургалт гуравдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх юм.