Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит тавдугаар хуралдаан өнөөдөр болж нийт 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ удаагийн хуралдаанаар хоёр аж ахуйн нэгжийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах тухай 2 баримт бичиг болон өрийг хувьцаагаар солих зорилгоор хаалттай хүрээнд гаргаж буй энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Мөн нэг аж ахуйн нэгжид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх, 6 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, нэг аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр мөн нэр бүхий нэгж аж ахуйн нэгжийн хувийн хөрөнгө оруулалтын санг бүртгэлээс хасуулах санал оруулсныг эцэслэн шийдвэрлэсэн юм.